Гэрэлд хөтлөгч "Гэгээнтэн" роман

Гэрэлд хөтлөгч "Гэгээнтэн" роман

“Сүсэг гэдэг зөвхөн мөргөж залбирахын төдийхөн бишээ. Бахархах, хайрлах, дотоод хоймортоо хүндэлж явах сэтгэл үүсч л байж сүсэг буй болно. Сүсэг үүсвэл сурахын шалтгаан буй болно. Сүсэгтэй хүмүүн юмыг албан шахалтаар хийхгүй, сэтгэлийн угаас дурлан хийнэ. Сүсэг болвоос сурах, бүтээхийн суурь нь болой” ...

Монгол төрийн эрхэм дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнагдсан анхны зохиолч Г.Мэнд-Ооёо. Суу алдар нь дэлхийн өнцөг булан бүрт түгсэн их хүмүүн. Түүний 2012 онд гаргасан “Гэгээнтэн” романтай сая л учрав. “Алтан өд” шагнал хүртсэн бүтээл. Гадна дотны судлаачид олонтаа “мөлжсөн” чухаг ном. Г.Мэнд-Ооёог “Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг шүлэг зохиолдоо тод тусгахын зэрэгцээ нүүдэлчний сэтгэлгээ монгол хэлний эрхэмсэг баялгийг илэрхийлсэн зөөлөн уянгын эзэн” хэмээн судлаачид тэмдэглэдэг юм билээ.

Дээр нь нэмээд ертөнцийн мөн чанар, эр хүйс, эм хүйс түүний арга билгийн зохилдлого, энэ төрөл хойт төрөл, далд ертөнц Шамбалын нууцад нэвтэрсэн хүн гэж тодорхойлмоор санагдлаа. Бурханыг би зөндөө газраар хайсан. Бүх л хүмүүсийн амьдралын эрлийн үзүүрт магадгүй энэ мэдрэмж, хүсэл байдаг байх. Гэтэл тэр бурхан гэрт маань, дотор маань байжээ. Ертөнц авхай гэдэг чинь ерөөсөө л хүн өөрөө юм байна гэж эцэстээ Ноён хутагт Данзанравжаа дүгнэсэн байна. Хүнээс зүсэн зүйлийн ааш авир гарна. Ертөнц ч мөн зүсэн зүйлийн өнгөтэй.

Гэгээрнэ гэдэг нь харанхуйд ч юм уу хаа нэг агуйд орь ганцаараа сууж ертөнцөөс тусгаар байхын нэр биш. Зөвхөн өөрөө төгсийн туйлд хүрээд бусдыг басамжлан харж суухын нэр ч биш. Зөвхөн өөрөө амттаны дээдийг идэж, өнгөтний дээдийг өмсөж, тосонд умбаж торгонд хөлбөрөхийн нэр ч биш. Сурснаа бусдад түгээж, олон олон шавь нарыг араасаа дагуулж, үйл хэргээ залгамжлуулан үлдээж, хүмүүний ертөнцөд гэрэл гэгээ түгээхийг хэлнэ ээ. Ноён Хутагт тийм зам мөрөөр явах захиас даалгавартай ертөнцөд ирсэн байна. Зорилгодоо магадгүй давуулан хүрсэн ч байх. Хэрэв хүсвэл хэзээ л бол хэзээ Шамбалын орондоо одоход болохоор тэнгэрийн хөсөг түүн дээр ирдэг. Олон удаа буцаана билээ, үйл хэрэг нь дуусаагүй, талдаа ч ороогүй учраас.

Мэдээж түүний гэгээрлийн зам дардан шулуун байсангүй. Хүнд ирдэг зовлон шаналал, гуниг харуусал аль аль нь байлаа. Ямар ч гэм хоргүй тунгалаг хар нүдэт сайхан бүсгүйн аалинд автаад эгэл хүн болж хэдэн малтай амьдрах сан гэсэн бодол ч орж ирж байж. Эрдэм чадал нь хэтийдсэн нэгэн боловч Дулдуйт ажаадаа нэг нас ч нэмж хайрлаж чадаагүй нь түүний гуниг. Уг чанартаа баян айлд төрөх байсан ч тэр айлын эзэгтэйн давилуун зан, бардам сэтгэлийг голж үгээгүй хоосон Сэмжид ижий Дулдуйт аавынхаа үр нь болж мэндэлжээ. Түүний махан биеийн эцэг бүх насаараа бадарчин явж бурхны ном сургаалийг түгээн олдсон хоолныхоо гуравны нэгийг л хүртдэг гэгээн хүн байжээ. Ямар агуу дэлхийн чинээ сэтгэлтэн бэ гэж эрхгүй биширсэн. Хорхой шавьжтай үргэлж хоолоо хуваан иддэг буян номын мөр хөөсөн цас цагаан сэтгэлтэй ийм аавд, тийм зөв сэтгэлтэй ээжид Хутагт хүү заяалгүй яахав дээ.

Ноён Хутагт бага залууд нөхөрлөсөн найзынхаа хоёр дахь гэргий Саранжид бүсгүйд анхнаасаа дургүй байсан ч үйлийн үрээр найз нь тэр бүсгүйг авч суудаг. Хүний сэтгэл гэдэг жолоо цулбуургүй зүйл. Түүнийг Данзанравжаа ч залж зөв чиглүүлж чадаагүй боловч тэдний дундаас гарсан хүүд ихэд сайн ханддаг байв. Найз нь цаг бусаар өөд болсон бол хутагт тэр бүсгүйн өгсөн хоронд хордож Шамбалдаа оддог. Цаг нь ирсэн учраас архины хорыг хувиргалгүй хүртэж орхисон. Яагаад хор өгөх болсон бэ? Данзанравжаад бага залуугийн сэтгэлтэй байсан ч тэр бүсгүйг нэг нүдээрээ ч хардаггүй байсан учраас өширхсөн. 30 жилийн хорслоо хор өгч тайлж байна.

Уул ус, мод, чулуу бүхэн амьтай. Хамрын хийд, Дэмчогийн хийд орж үзээгүй Монгол хүн байхгүй байх. Ноён хутагтын бүтээсэн бүхэн урт настай оршсоор байгаа. Дараагийн хутагт тодорсон он цагт бид амьдарч байна. Тэр Гэгээнтэн бас л гайхалтай түүх бүтээж суугаа байх даа. Хорвоод хүн болж төрнө гэдэг чинь ямар гайхалтай зүйл юм бэ? Хүнийг өөд болоход сүнсийг нь хөтөлж байгаа тэр хэсэг үнэхээр алмайрам байв. Маш олон гайхалтай хэсгүүдээс бүтсэн ном.

Эрхэм зохиолч Г.Мэнд-Ооёо танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийм нандин түүхэн эх сурвалжийг үр хойчдоо өвлүүлсэн таны номын цагаан мөр дардан байх болтугай.

Таны эможи

like
2
dislike
0
love
1
funny
0
angry
0
sad
0
wow
1