Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн

Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн
Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон санчир” ХХК-ийн захирал Амгалангийн АДЬЯАСҮРЭН:

ХҮМҮҮС ИТГЭЛ СЭТГЭЛ ДЭВСЭЭД БАЙГАА НЬ НАДАД УЛАМ ИХ ЭРЧ ХҮЧ НЭМСЭН

Би “Номгон санчир”-ын төгсөгч юм. Ний нуугүй хэлэхэд тухайн үед ажиллаж байсан газар маань бартер хийгээд ВИП сургалтанд нь сууж төгссөн. Хүний л амьдрал, юм үнэнээрээ сайхан. Нэг ийм зүйл байдаг юм. Бартерынх гэхээр тухайн байгууллага арай өөрөөр хандах ч юм уу үл хүндлэх ч юм уу тохиолдол бүх салбарт ажиглагддаг байх. “Номгон санчир” тийм байгаагүй. ВИП сургалт нь боломжтой цагт яг цагтаа ирж авна, хичээлээ нямбай заана. Багш түр эмнэлэгт хэвтэхэд солигдсон багш нь ч ямар ч алдаа дутагдалгүй сургалтыг удирдаж байгаа юм. Тэгж яваад захиралтай нь таардаг юм байна. Адьяасүрэн гэхлээр эрэгтэй хүн гэж бодсон байдаг юм. Гэтэл дэгжин, зэгзгэр сайхан бүсгүй байдаг байгаа. Адьяасүрэн бол насандаа гоёхон харагддаг, залуу харагддаг эмэгтэйчүүдийн нэг. Амьдралынхаа 20 жилийг жолоо мушгиж өнгөрүүлсэн гэхэд ёстой юу идэж уухаараа ийм гоё байдаг юм гэмээр хүн л дээ. Цэвэрхэн зассан хумс, янзалсан үс, хэдэн жилийн өмнөх тэр уулзалтаас хойш нэг мм ч илүүдэл жин нэмээгүй байгаа нь хачирхалтай. Боловсролтой ухаалаг бүсгүйчүүд нас явах тусам гоо сайхан нь тодордог. Бид ярилцлагын ширээний ард суух болсон нь Баянхонгорын энэ бүсгүй Ардчилсан намд албан ёсоор алба хашиж улс төрийн тогоонд ороод ирсэнтэй холбоотой. Шинэ хүн шинэ салбарт орж ирэхээр сэтгүүлчид бид чинь анхны ярилцлагыг нь хийхээр араас нь гүйж өгнө өө. Уг хүн нь “гүүгл”-д мөргүй чимээгүй урдахаа хийж явдаг төрлийн хүн л дээ. Монголын авто тээврийн салбарт энэ турьхан эмэгтэй асар их зүйл хийж амжуулжээ. Ер нь бол түүний ярилцлага өгөөд хүлээн авалтан дээр зургаа татуулаад гүйгээд байдаггүй учрыг ойлголоо. Үнэхээр завгүй хөдөө хөхөрч гадаа гандаж олон олон хүний амьдралыг үүрч явдаг хүн юм байна. Гэхдээ түүнийг хээрийн салхи, цаг наргүй их ажил гундааж чадсангүй. Хамгийн гол нь дотоод сэтгэл, зөв амьдралын хэв маяг шүү дээ.

 

“Номгон Санчир” авто сургууль үүсгэн байгуулагдаад 20 жилийг үджээ. Таны тухай би “Гранд” сэтгүүлд ажиллаж байхдаа “Автозамын хатан хаан” гээд мэдээ бичиж байсан маань саяхан юм шиг санагдаж байна. Одоо харин сонгодог утгаараа авто замын хатан хаан болчихсон бололтой?

1999 онд хадмынхаа байрыг барьцаалж Улаанбаатар банкнаас 4 сая төгрөгний зээл аваад хоёр авто машинтайгаар “Номгон санчир” компанийг үүсгэн байгуулж байлаа. Тэр үед би их сургуулийн багш байсан. “Номгон санчир” маань 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, жолооч гэдэг мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө жолооч бэлтгэж эхэлсэн байгаа. Манайх авто сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэдэг баазтай болсон. Жолоочоо бэлдээд, ангиллаа ахиулж, мэргэшүүлж байна. Мэргэжилтэй ажилтан, тээвэр зэрэг олон зүйлс зэрэг хийж байна. Нэгэнт энэ салбарт орсных авто замын салбарт бүрэн төгс утгаар нь ажиллахыг хичээсэн. 20 жилийн үр дүнд энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байгаа.

Бид зөвхөн жолооч бэлтгээд зогсохгүй олон улсын түвшинд гарсан. Оюутолгойд үйл ажиллагаагаа явуулж Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт хийсэн. Уул уурхайн салбарын жолооч бэлтгэхэд гаднаас сургалт авдаг байсныг Монгол компани Австралиудтай өрсөлдөөд олон улсын түвшинд Оюутолгой компанийн аюулгүй ажиллагааг хариуцаж байна гэдэг манайх олон улсын түвшинд гарсан гэж хэлж болохоор байна.

Бид хамгийн анх VIP сургалтыг монголд нэвтрүүлсэн. Яагаад заавал жолооны сургалт гэхлээр эвдэрхий ширээ сандал, машин механизмтай байх ёстой юм. Жолооны сургалтыг олон улсын хэмжээнд хүргэе гэж зорьсондоо хүрсэн. Миний энэ хөдөлмөр зүтгэлийг Хөдөлмөрийн яамнаас үнэлж мэргэжлийн хэмжээнд жолоочийг хүлээн зөвшөөрч манайх улсдаа анх удаагаа бүтэн жилээр мэргэшсэн жолоочийн сургалт бэлтгээд явж байна.

20 жил  бол хүний амьдралын хоёр үеийн шахуу мөчлөг. “Номгон санчир”-ын өсөлт бойжилт, идэр үед ямар бэрхшээл тулгарч байв. Тэр дундаа шинэчлэл хийж, ахиж дэвшихэд авч байсан гаргалгаа сонин байна?

Аль болох хүмүүсийн хийгээгүйг зах зээлд нэвтрүүлж, анхдагч болж байж бид түрүүлж алхана. Мэдээж анх өөрийн гэсэн байр, дрон, машинуудтай дандаа мэргэжлийн багийнхныг бэлтгэж ажиллуулж байсан. Мөн уул уурхай хөгжсөн сумдад манайх анхны өөрийн гэсэн байруудыг барьж байлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурван тэс суманд өөрийн байрыг барьсан. Бид ашиг олох гэхээсээ илүү хүнийг сайн сургасан, гэгээлэг, зөв, сайн жолооч бэлтгэхийг гол зарчмаа болгож байсан. Аль болох нэг хүн ч гэсэн замын хөдөлгөөнд соёлтой оролцдог байгаасай, номыг нь сурч ногоотой шөлийг нь уу гэдэг шиг хэрвээ жолооч болох гэж байгаа бол зам дээр байгаа хадаасыг зайлуулчих хэмжээний сэтгэлтэй, хүнд зам тавиад өгчих хүнлэг жолооч нарыг бэлдэх юмсан гэж зорьж ирсэн. Төгсөгчдөөс маань эргээд манайд жолооны багш, жолооч хийж байна. МСҮТ-д төгссөн хүүхдүүд маань жолоочоо хийгээд явж байна. Засварчин, гагнуурчин байна. Ханги Мандалын боомт дээр манай ажилчдын camp, засвар үйлчилгээний төв байрлаж байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд манайх хоёр дахь camp-аа барьсан. Манай төгсөгчид засварчин, гагнуурчид засвараа хийгээд, жолоочид тээврээ хийгээд, менежерээ хийгээд салбар амжилттай явж байгаа.

Манайд надтай 20 жил ажилласан хүмүүс байна. Энэ нь хүмүүс надад итгэдэгтэй холбоотой гэж боддог. Хүний итгэлийг алдахгүй байна гэдэг хамгийн сайхан. 20 жил гэдэг урт хугацаа. Манай төгсөгчид эхнэрээ, хадмаа, найзаа, хүүхдээ авчраад хүндэт үйлчлүүлэгч болоод явж байдаг. Эдгээр төгсөгчид манай компанийг өдий хүртэл амжилттай ажиллахад нөлөөлсөн том хүчин зүйл.

Мэдээж 20 жилийн хугацаанд саад бэрхшээл гаралгүй яахав. Яагаад энэ салбарт орчихов доо, яагаад би гэж гээд шантрах үе байсан. Гэхдээ бүхний ард гарах ёстой гэж хичээсэн. Жолооны сургуулиудыг цэгцтэй, нэр хүндтэй, сургалтын шинэ түвшинд аваачихыг зорьсон. Жолоонд суугаад төгссөн хүмүүсийн үнэмлэхийг нэг хоногийн өмнө ч гэсэн гаргах юмсан гэж  бодож ажиллана. Анх жолооны курсээ байгуулаад Замын цагдаа дээр бүр жижүүр шиг зогсдог байсан. Тэгэхэд Замын цагдаагийн нэг офицер залуу бүр “Энэ хүүхний нөхөр бол ёстой хэцүү еэ. Өглөө ирэхэд, орой тарахад, наадмаар ч, цагаан сараар ч явж байх юм” гэж хэлж байлаа. Тэгж л хүний төлөө итгэлийг нь алдахгүйн төлөө зүтгэж байв. 

Би өөрөө “Номгон санчир”-ынхаа төгсөгч. Тэр үед өөрийн гэсэн унаагүй гоё машинтай эгч нарыг хараад хэзээ би эд нар шиг болох бол доо гэж бодогддог байсан. Хүний амьдрал л юм чинь их зүйл бодно.  Жолооны курсээ мөрөөдөж байсан хэмжээндээ хүргэчихээд бид тээврийн салбар руу орлоо. Өөрийн машингүй Баянхонгорын 7 машинтай тээвэрлэлтээ эхэлж  байхад  “Номгон Санчир”-ынх  гэхлээр жолооч нар сайхан хүлээж авч байсан. Хамийн найдвартай газар гэж хэлэхийг сонсоход үнэхээр сайхан. Анх 6 машинтай эхэлсэн бид одоо 120 гаруй машинтай болчихсон байна. Хоёр салбартай, олон монгол жолооч нарыг ажлын байраар хангаад явж байна даа.

“Номгон санчир” гэдэг нэрний утгыг тайлбарлаач. Хэн өгсөн бэ?

Би Баянхонгор аймгийнх. Залуу хүн хэдий ч нутгархуу. Хөдөө өссөн хүн болоод тэрүү нутагтайгаа сэтгэл зүрхээрээ уяатай явдаг.  Анх 1999 оны 12 сарын 20-нд компаний гэрчилгээ авахаар очихдоо нутгийн маань хайрханы Номгон гэдэг нэрийг заавал авна гэтэл дуусчихсан байлаа. Манай нөхөр Санчир гээд нэр өгчих гээд. Санчир гэдэг нь манай том хүүгийн нэр. Ингээд Номгон Санчир нэрийг авсан.

Нийгэм өөрөө амьдрал, карьер нь тогтчихсон бүсгүйчүүдийг захиалж шийдвэр гаргах түвшинд тавьдаг. Та Америкт хэд хэдэн удаа улс төрийн сургалтанд сууж харагдсан. Сайтар бэлтгэгдэж байх шигээ?

Одоогоос 10 жилийн өмнө надад Баянхонгорын Ардчилсан намаас Үндэсний бодлогын хорооны гишүүн болооч гэсэн санал тавьсан юм. Яагаад ч юм ажил цэгцрэхгүй завдал болоогүй. Надад МАН-аас бас нутгийн бизнесмэн залуухан эмэгтэйчүүд манай намд хэрэгтэй байна гэж санал тавьж байсан. Тухайн нөхцөлд цаг хугацаа нь болоогүй байсан юм байлгүй би өөрийгөө тийм түвшинд хүрсэн гэж огт бодоогүй. 1990 онд манай аймагт Сосорбарам, Зориг агсан ирэхэд би ахлах ангийн хүүхэд байсан. Тэр үеэс  ардчилалыг дэмждэг байлаа. Манай өвөө, ээж улс төр нийгмийн зүтгэлтэй, идэвхтэй хүмүүс. Миний хувьд нутгийн ард олон маань санал тавиад угаас дэмждэг байсны хувиар Ардчилсан намд орсон. Надад ирсэн дуудлага, үнэхээр чи нутаг, намдаа хэрэгтэй байна гэхлээр нь одоо миний хугацаа болж байгаа юм болов уу гэж бодсон. Би сонгосон салбартаа хийхээ хийж зорилгодоо хүрлээ. Тэгвэл одоо улс орныхоо төлөө яагаад юм хийж болохгүй гэж, яагаад  эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болоод оролцож болохгүй гэж. Хүмүүс итгэл сэтгэл дэвсээд байгаа нь надад улам их эрч хүч нэмсэн.

Ингээд Америкт болсон анхны эмэгтэйчүүдийн улс төрийн хөтөлбөр, БНСУ-д улс төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэх сургалтанд хамрагдсан. Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогыг сайн бариад, залуусынхаа боловсролд анхаарч, чадавхжуулдаг.

Анх санал хүлээж авах болсон шалтгаан маань их сонин тохиолдол болсон. Манай намын дарга ирээд ҮБХ-ны гишүүн болох санал тавьсан. Би 7-гийн тоонд дуртай юм л даа. Ярилцаж байтал 7 дугаар тойрог гэдэг юм байна. Сонсоод шууд орчихсон. Ингээд 3-р сарын 7-нд Ардчилсан намд бүртгүүлж,  3-р сарын 27-нд сонгууль явагдаж би ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон. 4-р сарын 7-нд батламжлагдсан. Яг нэг жилийн дараа дахиад 3-р сарын 7-нд Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөх гээд бүртгүүлсэн. Маш сонин, дандаа 7-гийн тооны давхцал дээр миний амьдралын чухал үйл явдлууд болсон байдаг.  Манай сургалтын машинууд бүгд 7707, 7770, 7777 зэрэг дугаартай. Анх нөхөр бид хоёр тусдаа гарлаа. Нэг өдөр өлсөөд, энэ хавьд нэг ТҮЦ байвал гоё юм биш үү гээд ярьж байсан юм. Ойр хавьд ТҮЦ, дэлгүүр байхгүй.  Ингээд ТҮЦ аваад, нөхөр амралтын мөнгөө аваад бид хоёр бараандаа явлаа. Ингээд ТҮЦ-ээ 7 сарын 7-нд нээгээд, бараагаа өрж байсан чинь манай нэг багш асаагуур худалдаж авч анхны наймаагаа хийлээ.  Хэсэг хугацааны дараа ТҮЦ-нийхээ зөвшөөрлийг харсан чинь 77 дугаар, ТҮЦ-ний гэрээ 777, гараад харсан чинь ТҮЦ  7-гийн тоотой байж таардаг юм. Тэгсэн байр нь бас 7 номер. Анх нөхөр машин авахад хүртэл 7730 гэсэн дугаартай байсан. Үүнээс хойш манайх бүх юмаа 7-гийн тоотой холбож билэгшээдэг болсон. Имижээ олно гэдэг шиг ингэж өөрийнхөө тоог олсон юм.

Та харахад их эмэгтэйлэг хүн. Нэр чинь гэтэл эрэгтэй хүүхдийнх ч юм шиг. Ямар учиртай юм бол?

Намайг анх төрөхөд манай өвөө миний шөлний хонийг хариулаад явж байгаад хаш хөөрөг олоод их буянтай хүүхэд ирж байна гэж билэгшээсэн юм билээ. Би Ням гаригт төрсөн. Миний бага нас Баянхонгорын Богд суманд өнгөрсөн юм. 4 настайдаа Адьяасүрэн гээд ногоон дээлтэй гоё эгчийг хараад би энэ эгч шиг болох юмсан гэж бодоод бүр сэтгэлээс гараагүй. Тэр эгчийг харах маш дуртай. Хотоос ирсэн ногоон дээлтэй эгч гээд л гүйчихдэг байсан гэсэн. Хүнсний техникумынх байсан санагдаж байна. Бүр тэр эгчийн гурил зуураад гараа угаагаагүй явж байгаа нь хүртэл гоё харагддаг байсан. Тэгээд нэгдүгээр ангид оронгуутаа намайг Адьяасүрэн гээд өөрийгөө танилцуулчихсан байдаг юм. Одоо тэр эгч хаа яваа бол нэг олж уулзах юмсан гэж боддог юм. Тухайн үед Адьяасүрэн гэж намайг тэмдэглээд тэр чигтээ явсаар төрсний гэрчилгээн дээрээ Адьяа дээрээ сүрэн нэмүүлчихсэн түүхтэй. Зарим хүмүүс миний нэрийг сонсоод эрэгтэй хүн гэж боддог юм шиг байгаа юм. 

Нэгэнт хүүхэд насны дурсамжаа хуваалцсан юм чинь үргэлжлүүлье. Айлын хэд дэх хүүхэд вэ. Танайх ямар айл байв?

Би айлын хоёр дахь хүүхэд. Манайхан намайг гарах үед том нь охин болохоор хүү гарахыг их хүсч байсан юм шиг байгаа юм.  Айлын дунд хүүхэд ямар байдаг яг л тэр зарчмаар өссөн. Бүх юмаа хийнэ, биеэ даана. Хүмүүс намайг яагаад намхан болчихсон юм гэж асуухаар нь “Ус зөөж явсаар байгаад” гэж хэлдэг юм. /инээв.сурв/ Эгчийнхээ хувцсыг өмсөнө. Шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн шинэ жилээр нэг шинэ хувцас өмсөнө. Цүнх зарим зүйл бол сонголтгүй ш дээ. Дамжаад ирнэ. Намайг хүүхэд байхдаа их адтай сэргэлэн хүүхэд байсан гэдэг. Миний бага насны талаар манай хамаатны эгч их ярьж өгнө өө. Дагуулаад айл хэсэхээр бэлэг нь таалагдахгүй бол би ийм зүйл хэрэглэхгүй гээд буцааж өгчихөөд явчихдаг байсан гэж байгаа юм.  Багын их сонин хүүхэд байсан гэдэг. Урд айлын надтай чацуу хэрнээ өндөр том биетэй охин байдаг байж. Тэгсэн аав нь унтаж байгааг мэдэнгүүтээ Шар Балжир унтаж байна охиныг нь зодчихоод ирье гэсэн гэдэг. Ааваас нь айдаг байсан юм байлгүй. /инээв.сурв/ Манай аав ээж багш мэргэжилтэй хүмүүс. Би хожим их сургуулийн багш болсон. Аав ээжийн өгөгдөл, үлгэр дуурайлал байсан байх аа.

Таны залуу нас хэрхэн өнгөрөв. Миний харж буйгаар та байлдан дагуулагч. Хүний хийсэн зүйлийг хэзээ ч хуулаагүй. Зөвхөн өөрийнхөөрөө амьдралаа зохион бүтээж явсан байна?

Оюутан байхад манай ангид 3 онц сурдаг хүүхэд байсан. Би тэднээс хоцрохгүйн тулд өглөөний 06.00 цаг болтол хичээлээ хийнэ. Хөдөөнөөс ирсэн охин, багшийн хүүхэд, картын барааны үе, зах зээлийн нийгэм учир миний оюутан нас элбэг хангалуун байгаагүй. Бид талхандаа очерлодог, мах олддоггүй, масло идэхгүй. Хамгийн тансаг хоол хуушуур. Би хуушуур тэр болгон идэж чаддаггүй. Ангийнхаа хоёр охинтой нийлж 50 төгрөгний бин хуваагаад идээд явдаг байсан. Байнга номын санд сууна. Номын санд суусан гэж хэлэхээсээ ичиж суугаагүй гээд зүтгэнэ. Хэтэрхий “коммун” байсан болохоор ичнэ ээ бас.

Нэгдүгээр курст танилцах үдэшлэг боллоо. Намайг архи ууж үзсэн үү гэж байна. Би үзээгүй юм чинь үзээгүй л гэнэ ш дээ. Тэгсэн чинь хонхны баяраараа ядаж уудаггүй юм уу гэдэг байгаа. Тэгэхээр нь би юу ч бодолгүй манай хонхны баярт нэг шил архи байсан байх аа. Манай багш нар л хуваагаад уучих шиг болсон гэчихэж билээ. Тэгсэн чинь тэрийг сонссон хотын охид, “Муусайн хөдөөний охид ингэж солиордог юм. Одоо аягүй бол “онгон” гэж хэлнэ дээ” гэдэг байгаа. Тэгэхэд би бодож байлаа. Архи ууж үзээгүй гэж хэлж болохгүй, онгон гэж хэлбэл онигоо болох юм байна, чимээгүй л явж байя гэж шийдсэн. Дараа нь 3-р сарын 8-нд март тэмдэглэлээ. Тэгэхээр нь архи ууж үзээгүй гэж хэлэхээс ичээд хоёр хундага архи уугаад тасарчихсан. Ээжийгээ санаад байна гээд л уйлаад байсан гэсэн. /инээв.сурв/ Тэрнээс хойш 4 дүгээр курс хүртлээ архи уугаагүй. Номын сангаас салахгүй, лекц семинар дээр хамгийн түрүүн ирнэ. Манай гэрээс дандаа том том ботиуд ирнэ. Бусад хүүхдийн гэрээс том том мах, гоё шампунь ирнэ. Гэхдээ би атаархдаггүй байсан. Угийн хөдөөдүү стильтэй, нутгаа их санадаг хүүхэд юун атаархах манатай. Баянхонгорын номертой пургон харвал уйлчихдаг. Онц сурч авсан степэндээ ээждээ бэлэг авах гэж хадгална. Нэг иймэрхүү л оюутан нас өнгөрсөн. Зах зээлийн үе учир хамгийн ядуу хүмүүс багш нар байсан юм. Дэлгүүрийн худалдагч няравын хүүхдүүд баян.  Дөрвүүлээ оюутны байранд амьдарна. Хоолоо хувааж иднэ, хоосон хононо, хоолоо булаалгана. Банди нар орж ирээд гоё хоол хийж байтал идчихээд гараад явчихна шүү дээ.

Одоо эргээд бодоход залуу насаа яаж өнгөрөөвөл гоё юм шиг санагдаж байна. Номоо уншаад онц сураад явах ёстой юу. Эсвэл зүгээр л залуу насаа хөгжилтэй өнгөрүүлэх утга учиртай юм болов уу?

Миний хувьд онц сурсан маань надад амьдралын сахилга батыг өгсөн гэж боддог. Залуу насандаа юм юм хийж үзэхгүй яав гэж бодогдох үе байсныг нуухгүй. Ер нь бүх хүнд нэг тийм мэдрэмж байдаг байх. Би хүнд худлаа хэлчихгүй юмсан, ямар нэг зүйлийн ард гарна гэсэн бол гардаг хүүхэд байсан. Жаахан хүүхэд хэрнээ өөртөө зорилт тавина. Ус аваад явж байхдаа тэр хүрвэл би амарна, сурч байхдаа тэгж хичээллэвэл би онц авна гэж багаасаа л өөртөө зорилт тавьдаг байсан. Одоо ч энэ зан тавигдаагүй.

Одоо манай найзууд хэлдэг юм. Гоё задраач, хэтэрхий коммунист дүр төрхтэй, үеийнхнээсээ илүү намбатай харагддаг. Чам шиг байсан бол бужигнуулна гээд л.

Надад залуу насандаа өвлөж авсан эд хөрөнгө гээд байх юм алга. Өрнөөс өрний хооронд явж байсан. Тэгсэн ч өөртөө мөнгөтэй байхаас илүү хүний цалинг тавьчих юмсан гэж боддог байв. Тээврийн ажлаа эхлээд “Номгон санчир”-ынхаа бүх мөнгийг хийж байлаа. Оюутолгойгоос орж ирсэн, МСҮТ-өөс орж ирсэн бүх мөнгийг тээвэр рүү хийнэ. Заримдаа ажил яваад байгаа хэрнээ миний түрийвч мөнгөгүй байх үе бий. Гэхдээ би нэг хүний ч гэсэн цалинг тавьчих юмсан, хүний итгэлийг алдаж болохгүй, энэ хүмүүс намайг дагаад түшээд явж байгаа учраас хоолгүй хонуулахгүй гэж боддог. 9 сарын 1-нд миний ажилчдын хүүхдүүд, уранхай гуталтай зогсож байх вий гэхээс эмээдэг. Цагаан сараар миний ажилчид тавгийн идээгүй байх вий, шинэ жилээр шампанск буудуулж чадахгүй байх вий. Энэ бүхэн надаас шалтгаална. Аав, ээж нь халуунд халаад хүйтэнд хөрөөд явж байхад ар гэрт нь дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй. Баяр ёслолын үеэр тэвдэх үе байна. Зардал мөнгө орж ирэхгүй бол нойргүй хонох шахуу юм болно. Яаж ийж байгаад ажилчдынхаа цалинг тавих юмсан гэж хичээнэ. Хүмүүс намайг дагаж явснаар, манай компанид ажилласнаар муудаж болохгүй.

Эцсийн эцэст хүн эхлээд хүнийг бодчихоод дараа нь  юм шаардах хэрэгтэй. Тэр хүн ажилдаа сэтгэл хангалуун ажиллах, компанидаа сэтгэл гаргах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.  Амралтанд явсан ч би ажилчдаа гэр бүлтэй нь авч явдаг. Тийм газар тайван амгалан оршдог. Ямар ч зүйл дээр сахилга бат, ёс зүй бүх зүйлийн жорыг тааруулах гэж л зорьж явна даа.

Ингэхэд гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд ар гэрийн амьдралаасаа болоод амжилт гаргаж чаддаггүй. Бараг ганцаараа байх нь амар гэсэн орчин үеийн ойлголт байна. Үүнийг эсрэгээр нотлох цөөхөн бүсгүйчүүдийн нэг та?

Нөхөртэйгөө оюутны байранд танилцсан. 20 настайдаа танилцаад үерхэж найзлаж байгаад 23-тай анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хоёр талаасаа чемоданаа бариад л нийлсэн. Хүн харин ч гэр бүлтэй байх тусам илүү амжилт гаргадаг гэж боддог. Гэр бүлийн хүн нь  ажлыг нь ойлгодог, дэмждэг, урам өгдөг, хайрладаг, итгэдэг байвал эмэгтэйчүүд амжилт гаргана. Хүчирхэг эмэгтэйчүүдэд тохирох эр хүн ховор. Ганцаараа явсан нь дээр ч гэх юм уу янз бүрийн ойлголт байдаг. Нөхөргүй эмэгтэйчүүдийг би муу гэж хэзээ ч хэлэхгүй. Хүчирхэг мундаг эмэгтэйчүүд зөндөө байна. Ажил хийж байх үед тодорхой хэмжээнд ар гэрийн амьдрал орхигдох тал байдаг. Гэхдээ аль болох тэгшхэн авч явахыг боддог. Нэгэнт л би гэр бүл болсон юм чинь эхнэрийн үүрэг, ээжийнхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Компанийнхаа захирлын үүргийг гүйцэтгэх ёстой. Хүн болгоны өмнө хэн байна тэрнийхээ хариуцлага, сахилга батыг хүлээж байж дарга бол дарга шиг байж, найз бол найз шиг байна. 20 жил бизнес хийсэн тэр цаг хугацааг эргээд харахад машин дотроо унтаад, өглөө нь ажлаа хийгээд явж байсан удаа цөөнгүй. Ийм үед гэр бүлийнхний дэмжлэг их хэрэгтэй. Нөхөр маань амралтын өдрүүдэд надад дэм болно. Хамтдаа хөдөө гадаа явна. Анх л энэ бизнесийг цуг эхэлсэн болохоор зовлон жаргалыг нь ойлгоно.  Ээж маань арын алба сайн даасны хүчинд хоёр хүүхдээ өдий зэрэгтэй болгосон. Бага хүүхэд дээрээ 11 цаг хүртэл шалгалт өгөөд машинаа барьж яваад гэнэт өвдөөд үдээс хойш нь 6 цагийн үед төрчихсөн. Хоёр хоног эмнэлэгт байж байгаад 7 хоног гэртээ байгаад  ажилдаа орсон. Дүү хадам, ээж эгчийн маань дэм их. Хөдөө гадаа явахад хүүхдүүдийг минь аваад үлдэнэ. Гэртээ ирэхэд ээж маань ирээд хоол хийгээд тавьчихсан байх жишээтэй. Энэ бүх хүмүүсийн дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа.

Ажил хийгээд улайраад явж байхад нэг бол гоо үзэсгэлэн ард хаягдсан байдаг. Заавал нэг зүйлээ хаяж байж амжилтанд хүрдэг гэж ярьдаг. Таны хувьд тийм зүйл алга. Хувийн зохион байгуулалт сайтай байх. Ямар дэглэм барьдаг вэ?

Аливаад золиос хэрэгтэй гэдэг. Би айхтар дэглэм барьдаггүй ээ. Эмэгтэй хүн л юм чинь гоё байх ёстой гэж боддог. Сүүлийн нэг жил сард 3 хоног мацаг барьж сурч байгаа. Өдөрт 20 минут дасгал хийхийг зорьдог. Гэхдээ хөдөө гадаа явахаас эхлээд ажил их үед худлаа. Аль болох эрүүл, эко хооллохыг хичээдэг. Бас л ихэвчлэн тийм дэглэмээр явахгүй мах, хорхог, боодог иднэ. Би амьдралыг ийм байх ёстой ингэх ёстой тэгэх ёстой гэж хэт хайрцганд ордоггүй. Гэхдээ эмэгтэй хүн гоё байх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Хэзээ ч ажил дээрээ үсээ сэгсийлгээд ирж үзээгүй. Хэчнээн завгүй байсан ч шөнө орой ч аль болох цэвэрхэн гоё байхыг хүсдэг. Нэг удаа хумс маань хиртэй явахыг би өөртөө зөвшөөрөхгүй. Айхтар дэглэм барихдаа биш сэтгэл сайтай, амар тайван байвал эмэгтэй хүн гоё байдаг юм болов уу. Бас миний амьдралд санаа зовох асуудал бага байсан болохоор өдий зэрэгтэй явахад нөлөөлж байгаа байх. Сайн ээж, эгч, нөхрийн буянаар амьдралын айхтар хатуу бэрхийг туулаагүй.

Та үргэлж эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж ирсэн учир монгол эрчүүдийн тухай сайн, муу аль аль зүйлийг ярьж чадах байх. Бусад эмэгтэйчүүдийг бодоход нэг дор олон эрчүүдтэй ойлголцоод ажиллаад ирлээ. Монгол эрчүүд ер нь ямар хүмүүс юм бэ?

Ер нь эрчүүдтэй өрсөлдөж, тэрсэлдэж явна гэдэг утгагүй. Би өөрийгөө эрчүүдтэй илүү ойлголцдог гэж боддог. Бизнес, улс төрийн салбарт эмэгтэйчүүд хэлж байгаа үг, үйлдлээрээ хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Би адилхан үзнэ гээд байж болохгүй. Хүний сэтгэл, зүрхэнд хүртэл сайхан харилцах ёстой. Худлаа ярих ёсгүй. Эрчүүдийг араатан шиг, олиггүй гээд муулдаг.  Хүн хэнд ямар зан гаргах вэ гэдэг тухайн харилцагчаас шалтгаална. Тэр хүн муу хүн байлаа ч надад сайхан хандаж болно.  Шоронд олон жил болсон, олон жолооны курс дамжсан хүн танайд төлбөрөө төлөхгүй дээ гэж л байсан. Гэтэл тэр хүн төлбөрөө бариад ирсэн. Хүнд итгэл найдварынх нь очыг өгөх ёстой. Хүний сайн талыг харж сурах хэрэгтэй. Би хэнтэй ч өөнтөглөж харьцаж байгаагүй.

Амжилттай яваа хүмүүсийг атаа жөтөө алхам тутамд дагадаг. Тэр нөхцөл байдалд яаж хандаж байгаагаас тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, хүмүүжил, ямар хүн болох нь харагддаг. Та мэдээж өнөөдрийг хүртэлх хугацаанд надад огт хүн атаархаж байгаагүй гэж хэлэхгүй байх?

Залуу байхад иймэрхүү зүйлийг хүндээр хүлээж авдаг байсан. Одоо бол дасчихсан. Юм үнэнээрээ сайхан. Гол нь Адьяасүрэн гэдэг хүнийг мэддэг хүмүүс нь өөрсдийнхөөрөө хүлээж аваг. Заавал мэдэхгүй хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гээд, тайлбар тавих шаардлагагүй. Хүн л болсон хойно би алдаа оноо гаргаж байгаа. Би 100 хувь төгс төгөлдрийн туйл биш. Тийм байх ч албагүй. Гэхдээ нэг алдаа гаргалаа ч дараа нь тэр алдаагаа заавал засдаг. Ухаарч чаддаг байх нь хүний мөн чанар. Илт дайралтыг би яг одоо амсаад явж байна ... Намайг хятад болголоо. Эхлээд хүн л юм болохоор эмзэг хүлээж авсан ч яваандаа би угаасаа л ийм хүн биш, намайг мэдэх нэг нь мэднэ гэж бодоод орхисон. Хүний итгэл алдах маш муухай. Заримдаа хүн миний итгэлийг алдах тохиолдол байдаг. Итгэл алдсан хүнтэйгээ тулгарахаар дуу ч гардаггүй юм билээ. Би одоо олон сайхан залуус, охидтой ажиллаж байна. Тэднийгээ амьдралд битгий алдчихаасай гэж бодно. Хэчнээн завгүй байсан ч зөвлөж, ярилцдаг.  

Таныг улс төр сонгоод хайж ирээд, хадаг тавьчихлаа.  Та өөрөө гүйж улс төрд орох төрлийн хүн биш. Та өөрийгөө улс төрд байснаараа ямар зүйл хийж чадна гэж бодож байна. Мэдээж алсын хараа байгаа байлгүй. Таны ямар зан араншин улс төртэй зохицоно гэж бодож байна?

Би хэт туйлширдаггүй. Ямар ч юмыг голыг нь олоод харчихтай болов уу. Энэ олон жил олон хүнтэй харьцлаа. Хоёрдугаарт, миний мөнгөний хор гарчихсан гэж бодож байна. Эмэгтэй хүн гэхлээр улс төрд орохоор тэнэг байна гэж байхгүй. Мэдээж залуу охид улс төрд гарч ирж байна. Гэхдээ эхлээд хүн өөрийгөө, өөрийнхөө гэрийг, өөрийнхөө компанийг хөл дээр нь зогсоочихоод дараа нь улс нийгэм гэх ёстой. Би өөрийгөө залуу бизнес эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эмэгтэй хүний дуу хоолойг төрд хүргэж чадна гэж бодож байна. Бас аливаад голтой хандаж түргэн түүхий шийдвэр гаргахгүй долоо хэмжиж нэг огтлоно. Энэ нас юм юман дээр үсчих нас биш. Гаднаас нь харахад бизнес хийгээд, бизнесээс улс төр рүү орж байгаа хүмүүс арай өөр санагддаг. Тэд зөвхөн тендер авахын төлөө биш шүү дээ. Харин ч мөнгө үнэрлэж үзээгүй, юу ч мэдэхгүй хүн төрд ороод улсын хөрөнгө, санг цөлмөөд байна. Ядаж энэ хүмүүс хэдэн орон руу явж туршлага судалчихаад улс төр гэмээр байгаа юм. Өнөөдөр их хурлын гишүүн хэдэн сонгогч, хэдэн хүний амьдралыг өөрчилж байгаа юм. Гэтэл би хэдэн хүний амьдралыг авч яваад, өөрчлөөд яваа юм. Тодорхой хэмжээнд ялгаатай л байгаа. Өөртөө л би Ерөнхий сайд. Би нэг буруу алхам хийж, болчимгүй шийдвэр гаргавал энэ олон хүмүүс хоолгүй хононо, ажилгүй байна. Их л олон юм бодогдох юм.

Би одоо тээврийн салбарт явж байгаа ч “Номгон санчир” нэрээрээ бахархах дуртай.  Хаана ч явсан манай төгсөгчид таардаг. Сая нэг хэсэг намайг сошиал медиагаар хужаа гэж гарсан. Тэр үед олон хүн намайг хурцалж өгсөн. Би өөрийгөө олны танил хүн гэж боддоггүй. Тэгтэл намайг өмөөрөх, урам өгөх хүн маш олон байсан. Ямар ч байсан намайг тодорхой хэмжээнд хүмүүс муугаар үнэлдэггүй, зөв хүн шүү гэсэн өнцгөөс нийгэм хүлээж авч байгаа юм байна. Энэ бол миний зөв амьдарсны утга гэж боддог. Амьдрал дандаа чихэртэй байхгүй. Давс чихэр хоёр нь холилдож байж жор таардаг шүү дээ.

Таны хобби?

Байгалийн сайханд байх. Тэр бүр аялж чадахгүй л юм. Гэхдээ нэг хоног ч гэсэн горхины чимээ чагнаад гэрийнхэнтэйгээ майхан бариад хэвтэх сайхан. 

Таны ширээний ном?

Аль болох өөдрөг ном уншдаг. Сүүлийн үед доктор хамгаалах гээд докторынхоо номнуудыг үзэж байна. Багшийн хөгжлөөр доктороо хамгаална.

Бүсгүй хүний хувьд мөнгөө харамгүй зардаг зүйл?

Гутал. Ямар ч үнээр хамаагүй таалагдсан гутлаа авдаг. Таалагдвал 7 сая, 70 мянга хамаагүй авдаг. Туфль, гуталны хоббитой.

Хэр спортлог вэ?

Спортлог биш. Тийм байсан бол өндөр байхгүй юу. /инээв.сурв/

Эмэгтэй хүний амьдралыг аз жаргалтай болгодог хүчин зүйл ер нь юу юм бэ?

Сайн ханьтай байх ёстой. Хүүхдүүд эрүүл, элэг бүтэн байх. Хэцүү зүйлийн ард гарчихаад болгочихлоо доо гээд суух сайхан шүү.  Тэр нь заавал том зорилго байх албагүй.  Зарим хүнд байртай болох кайф, зарим хүнд хумсаа гоё будуулвал кайф, хүн бүр өөр.

Миний хувьд бол өөрийн хэрэглээгээ хангасан гэж боддог. Одоо нийгэм рүү чиглэсэн зүйл хийх, ид хийж бүтээх үе маань ирж байна. Би олон хүний амьдралыг өөрчилж, сайхан болгохыг хэн байг гэх юм.  Хүний нүдэнд инээмсэглэл тодроод надад баярлалаа гэж хэлэх сайхан. Би тэр чин сэтгэлийн инээмсэглэлийн үнэ цэнийг мэдрэх дуртай.

Танд баярлалаа.

 

Ярилцсан Б.Ундрал

Эх сурвалж: "Прогресс" сэтгүүл №4 дугаар

Таны эможи

like
6
dislike
1
love
3
funny
1
angry
0
sad
0
wow
0