“Миний мэдэх “Женко” Баттулга номын тэмдэглэл

“Миний мэдэх “Женко” Баттулга номын тэмдэглэл

Энэ номыг олох гэж яг 7 хоног зарцуулсан. “С.Баярын ном ингэж хурдан зарагдаж байхад “Миний мэдэх “Женко” Баттулга” одоо ч зарагдаж дуусаагүй байгаа” гэж “сэвсэн” хүмүүсээ ном аль ч номын дэлгүүрт дуусаад удсан төдийгүй Орос, Англи хэл дээр орчуулагдан гадаад улсуудад гарсан байна. Саявтархан В.И.Путин ерөнхийлөгчийн хүлээн авалтанд Их тэнгэрт зочлох завшаан тохиогоод үүднээс мини тэргэнд суухад Д.Төрмөнх зохиолчтой нэг ээлжинд таарсан юм. Тэр ганцаараа ирж. Уг нь хэдэн ч урилга хүссэн номыг нь бичсэн, найз хойно Х.Баттулга ерөнхийлөгч өгөх л байсан байх.

Хүлээн авалтын турш хүмүүс яриа хөөрөө өрнүүлж орос ахан дүүстэй найзархаж байхад эрхэм зохиолч ёстой идэвх гаргаж харагдаагүй. Уг нь тулаад ярих юм бол тэр дотор хэлний баялаг, амьдралын түүхээрээ гайхуулах Монгол хүн. Тэр амьдрал дээр ч тийм их яриасаг юм болгонд хошуу дүрдэг нэгэн биш гэмээр. Энэ номыг уншсаны дараа магадгүй хамаг хүч, энергиэ бичихдээ гаргадаг байх гэж төсөөллөө. Аая яа яа “Би ийм л зохиолч” гэж аархаж байх шиг санагдлаа. Гайхалтай юмаа, нэг ч хээнцэрхсэн өнгө аяс, хэт давс хужиргүйгээр ингэж бодуулж чадаж байна гэдэг.

Ерөнхийлөгч бас барагтай бол сагсалзаад байдаггүй. “Ер нь их удаан, ухаантай царайлж ярьдаг нь улс төрчдийн имиж болчихоод байна. Товчхон яриад хурдтай хийх нь уг нь маш чухал” гэж номонд хэлсэн үгийг нь иш татаж. Браво! Номонд бас олонтаа Д.Төрмөнх зохиолчид Х.Баттулга ерөнхийлөгч зөвлөсөн хэсэг таарч байна. Номтой ойр шадар, урлагтай ойр шадар, бичвэл биччихдэг хүн ажээ, Х.Баттулга. Зохиолчийн уншаагүй номнуудыг өөдөөс нь санал болгож иш татаж сууж чадаж байна ш дээ. Энэ хооронд зохиолч ном бичиж амжсан бол Х.Баттулга олон олон ажлыг зэрэг амжуулж сүүлдээ ном дуусахгүй үргэлжлэхэд хүрсэн байна. Хамгийн чухал нь өч төчнөөн хүний амьдралд тус хүргэсэн ч “Хүмүүст нь эвгүй” гээд жишээ татуулж оруулахаас татгалзжээ. Хэрэв тэр бүлэг нэмэгдсэн бол бараг тусдаа нэг ном гарах байж гэсэн төсөөлөлтэй үлдлээ. Бас л товч ярьж амаар цатгахаас зайлсхийж их туслахыг хүсдэг мөн чанартай нь холбоотой гэчихэд хэтрүүлэг болохгүй санагдлаа.

“Женко” Баттулгын амьдрал бүхэлдээ мөнгө ... Тэр мөнгийг хүссэнээрээ удирдаж ирсэн хүн байна. Амь өрссөн ганзагын наймааны ертөнц, шаардлагатай гэж үзвэл дэлхийн аль ч өнцөг буланд ямар ч тэрбумтны өмнө хэдэн ч удаа дахиж ярьж хүмүүс инээлдэж байсан ч хамаагүй эх орондоо хийх бизнесээ ярих цуцашгүй зориг. Дотроо бол бачуурч байгаа ч гаднаа ил гаргахгүй тэр бүхнийг давж хожим эх орондоо ирэхэд нь өндөр хэмжээнд хүлээж авч хүндлэл үзүүлэн алмайруулах, амласандаа хүрдэг эр хүний холч ухаан ...

Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга ... Энэ номны гол хэлэхийг хүссэн зүйл бүх хүн ядуугийн зовлонгоос ангижраасай гэсэн зохиогч, гол дүр хоёрын хүсэл бололтой. Д.Төрмөнх уран бүтээлч хүн. Гэхдээ мөнгөний хүлээснээс ангижирсны дараа тэрбээр дэлхийд суу алдар нь түгсэн сод бүтээлүүдээ туурвиж. Цохон тэмдэглэснээр нь Женко хөрөнгө оруулалт хийжээ. Тэр хоёр Дүрслэхийн нэг сургуулийн нөхөд. Тэр сургууль социализмын үед жижигхээн эрх чөлөөний арал байсан талаар өгүүлж. Эрх чөлөөтэй сэтгэлгээ сайхаан.

Өнгөц харахад, улс төрчдийн яриа, эргэн тойрны хүмүүсийн байр байдал яаж ийгээд “Бүх зүйл болж бүтэж байна. Амьдрал сайхан байна” гэж тайвшруулахад байдаг юм шиг. Үнэхээр болохгүй байхад л инээж суудаг бид амгалан хүмүүс. Тэгвэл энэ ном болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг зүгээр л бодитоор нь гаргаад тавьчихаж. Женко ч Төрмөнх ч төгс хүмүүс огтоос биш. Онож алдаж, унаж босож, гүтгүүлж, гарах гарцгүй болж, зугтаж, хоригдож явснаа нуусангүй. Аль аль нь өөрийгөө зөвтгөсөнгүй. Маш их бэрхшээл туулж энэ хүрчээ. Хамгийн сүүлд хэзээ хүмүүсийн үнэн төрхийг ингэж баггүйгээр харсан билээ?
Баттулгыг ойгүй баян гэж хардаг ч шампанскнаас өөр цалин тавих юмгүй байсныг, удаа дараа бүтэлгүйтэж явсныг хэн төсөөлөх. Гэр бүл салалт, ойр дотны хамгийн хайртай хүний өвчин шаналал ... Байртай л болох сон, гадаад явах юмсан гэсэн сэтгэлээр бөх барилдаж муурч унатлаа жин хасаж байсан өдрүүд. Спортынхон ямар их шаналал, тэвчээр, дараалсан доош нь татах цохилтын дараа амжилт гаргадаг юм бэ?

Х.Баттулга Их Майдар төсөл, Түмэн хишигтэн зэргийг хийснээр Монгол зон олноо өөртөө итгэлтэй болж өөдлөн дэвжих хөшүүрэгтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсжээ. Бидэнд өнөөдөр бахархал бий билүү? Өөрөөсөө өөр хэнийг ч сонсохгүй зарим үед өөрийгөө ч ойшоох завгүй хувь хувьдаа гэрлээ бүрэн асааж чадахгүй л явна.

Аз жаргал хүний сэтгэлд байдаг юм байна гэж өглөөхөн энэ номыг олж авчихаад бодож суулаа. Удаан хайсан зүйлээ олох, хааяа ч гэсэн зөвхөн өөртэйгөө үлдэж ном уншиж, таалагдсан киногоо үзэх тэр хором үнэхээр үнэ цэнэтэй. Мэдээж ингэж тайван суухын тулд урдчилж ажлаа амжуулж бүх зүйлийг илүү шахуу хийх болно. Ер нь хүн өөрийгөө хөгжүүлэх, өөртөө зориулах цаг хугацаанд хэзээ ч харам хандаж болохгүй. Бас бусад хүн өөрийгөө хөгжүүлж өөртөө хайртай байсных нь төлөө илүү үзэж болохгүй. Чадаж байвал хэн ч гэсэн өөрийнхөө амьдралаар ном бичиж болно. Бичиж л байг л дээ, унших нь уншиг, ойлгох нь ойлгоод авахаа аваад үлдэг.

Хүний төрөл, удам угсаа гэж чухал зүйл байна. Хоёр ч удаа сайд хийж, төр түшиж, улсын Ерөнхийлөгч, бэл бэнчинтэй бусдад туслах боломж бүхий хувь тавилан энэ хүнд заяасныг үзэхэд их өндөр дээд төрөлтэй хүн байх нь. Хэн хүссэн нь ийм хэмжээнд хүрчихгүй. Хадыг усаар нүхэлнэ гэдэг. Бага багаар тасралтгүй цохисоор байвал ус нүхэлнэ гэсэн санаа л даа. Х.Баттулга буцаад бичиж эхлээсэй. Мөн ч сонин сонин юм бичихээр тархины түгжээ мултлахаар хүн байна. Тархи хад юм бол нүхлэх ус нийгэмд хэрэгтэй байна.

Цөөн хэдэн ишлэл түүвэрлэлээ. Мөнгөтэй холбоотой гоё гоё хэсгүүд байсныг зориуд алгасав. Магадгүй энэ ном дахиж хэвлэгдэх байх, тэр үед олж авбал сонирхох зүйл үлдээе, та бүхэнд. Хүний ном зээлж уншсан болохоор хурдан буцааж өгөх ёстой. Гэхдээ номын хулгайг хулгайд тооцдоггүй гэдэг билүү хэ хэ. Хүний юм гоё, сайхан харагддаг хойно явуулна гэхээр хайран байна шүү.

-Өөртөө итгэлтэй болсон ард түмэн өөдлөн дэвжих нь гарцаагүй юм.

-Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болсон цагт тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргана.

-Олон нийттэй харилцах дүрэм “Хэрвээ чи өөрийнхөө тухай ярихгүй бол хэн нэгэн чиний өмнөөс худал үнэн ярих л болно” гэсэн үгээр эхэлдэг.

-Өглөг бол авлагын үүд.

-Мөнгө цаасны гачаалгүй бол уран бүтээлч хүн уран бүтээлдээ л анхаарлаа тавьдаг.

-Их хурал Засгийн газраар Харвардаас эхлээд гадаад дотоодын үнэмлэхтэй ухаантнууд дүүрэн болохоор тэр зүгээр л нэг зураач, эсвэл бөх харагддаг байх л даа.

-Шигшээгийн дасгалжуулагчид олддоггүй виз авлигачны нохойд шууд олдоно.

-Эхлээд үг дааж сурах хэрэгтэй, дараа нь ачаа даагаад сурчих, эцэст нь алдраа даагаад сурчихвал “Яахав би хүн болж дээ” гэж бодоорой.

-Зөвхөн хамаатан саднаараа ажлын хүрээг хардаг хүн хэрэггүй.

-Монголчууд харийн орныг эзлэхдээ маш зөөлөн ханддаг, шашин шүтлэг өв уламжлал, соёлыг хүндэлдэг боловч нэгнийхээ дээр гарахаар араатан болно.

-Яг л найман зууны тэртээх шигээ ялагдсан нам, бууж өгсөн фракцдаа хэрцгий хандаж, тэрэгний дугуйтай чацуулан хядаж болохгүйгээс хойш бизнесийг нь “тэг”-тэй чацуулан унагааж, “далан тогоо”-нд чанах аргагүйгээс хойш мөрдөн, шоронд далантаа “чанах”-ыг хичээнэ.

-“Монголд он удаан жил амьдарсан гадаадын иргэн тамаас айхаа больсон гэнэ” гэсэн шог яриа явдаг.

-Ер нь нүүдэлчид байгалиа дагаж малынхаа л аяыг дагахаас хүний аяыг дагах дургүй, хүнд өртэй байх бүр угийн дургүй эрх чөлөөтэй улс.

-Монгол ухаан гэдэг аливааг хөөж биш, хүлээж гүйцэх ухаан юм шүү дээ.

Таны эможи

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
1
wow
0