Амьдралын аз жаргал шуудай гуриланд байдаг байсан хором мөч ...

Амьдралын аз жаргал шуудай гуриланд байдаг байсан хором мөч ...

Цаанаасаа бүр тийм нэг дулаахан Монгол ээж ... "37-р точка" киноны нэгдүгээр ангийг хоцросхийн үзлээ. АЖ С.Сарантуяа шижир алт мэт гялалзаж нулимс цийлэгнэтэл тоглож байна. Сайхаан. Өчигдөрхөн твиттерт "Хэрэв одоо хажуу айлдаа хүүхдээ орхиод "Би оройтно шүү харж байгаарай" гэвэл яах бол?" гэсэн яриа өрнөж байсан юм. Би бодсон, мэдээж тухайн цагт гэртээ байж таарвал харалгүй яах вэ. Хөршийн нандин холбоо одоо цагт ч бий. Гол нь ажилтайгаас болоод өдөр гэртээ байх хүмүүс ховор байх.

АЖ С.Сарантуяагийн дүр бол аав ээж нь ослоор амиа алдсан 3 хүүг гэртээ үүрд үлдээхээр зориг гарган шийдэж байгаа ээжийн дүр. Агентаас гурил зээлээр авч гамбир хайрч өгч цадтал нь хооллох гэж хичээж байгаа тэр хэсэг, дулаахан инээмсэглэл нь үнэхээр сэтгэл хөвсөлзүүллээ. Манай алт, мөнгөн үеийн жүжигчид аргагүй тоглолтоороо аваад явчих юм.

Киноны орчин, жижиг хэрэгслүүд ямар гоё юм бэ? Цаг хугацааны галт тэргэнд сууж тэр онд эргэн очих шиг боллоо. Үнэхээр амьдрахын эрхээр галт тэрэгнээс нүүрс буулгаж, мэр сэр хүнс "тоншдог" жаалууд тэр цаг үед байсан. Гол дүрийн хүүхдүүд ямар хөөрхөн, чадварлаг юм бэ? Хаанаас ийм унаган авьяастай жаалууд олоо вэ гэж бодогдлоо.

За тэр кино гарсан цагаас эхлэн шуугиулсан Баярбатын уснаас гардаг хэсэг маргаангүй төгс юм байна. "Хэцүү анги"-ийн хүү нас бие гүйцжээ. Найруулагч Б.Тамир часхийж байна, кино нь үнэхээр амттай болж. Энэ авьяаслаг залуус бүгд урлагийн талбарт эрийн цээнд нэгэнт хүрчээ.

Маш сонирхолтой кино болсон нь нэгэнт тодорхой боллоо. Хөвгүүдийн хувь тавилан хэрхэн эргэх бол, цаашдаа яах бол?

1-р ангийн төгсгөлд бүгд том болчихсон, тус бүр нэг нэг шуудай гурил үүрээд даналзтал алхаж яваа залуусаас аз жаргал цацрах мэт санагдлаа. Амьдралын аз жаргал шуудай гуриланд байдаг байсан хором мөч ...

Цаг хугацааны галт тэргээр үзэгч биднийг аялуулж байгаа "Фантастик"-ийн залууст баярлалаа. Амжилт хүсье. Энэ намрын өнгө төрхийг та нар чимж байна.

Таны эможи

like
6
dislike
0
love
11
funny
0
angry
0
sad
0
wow
0